Монгол Улсын Их Хурлын 1996 оны шийдвэрийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр" болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил энэхүү өдрийг 30 дахь удаагаа тэмдэглэж байна.
Манай сум “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр манай сумаас хэлмэгдэж, цагаатгагдсан Шүүх яамны сайд асан Шаравын Найдансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай.
Ш.Найдансүрэн мэйрэн нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлалцсан, Шүүх яамны сайд, Хууль цаазыг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл зэрэг хариуцлагатай албыг хашиж явсан, БНМАУ-ын II, III, IV, V их хурлын төлөөлөгч, анхдугаар болон II, III, IV их хурлаас Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон төрийн их үйлсэд чин үнэнчээр зүтгэж явсан төрийн түшээ хүн юм.
Цэцэг өргөх ёслолыг нээж ИТХ-ын дарга Н.Бямбацогт үг хэлсэн бол Ш.Найдансүрэн мэйрэнгийн ач зээ, төрөл төрөгсдийг төлөөлөн С.Бямбажав, мэйрэнгийн намтар, үйл хэргийн талаар дурсаж үг хэллээ.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааны дараа ИТХ-ын дарга Н.Бямбацогт хэлмэгдэгсдийн ач зээ, төрөл төрөгсдийн төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдвээр лекц, ярилцлага зохион байгуулж, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины гэрлээ асааж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.



