Түүхт 100 жилийн ойн баярын хурлын нээлтийн үг
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Зуун дамжсан түүхээ бичсэн Түдэвтэй нутгийн зон олон,
Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлагууд, нутгийн уугуул, суугуул элэг нэгтнүүд минь ээ,
Та бүхэндээ Завхан аймгийн Түдэвтэй сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Өнөөдөр бид элбэг баян Ойгон нуур, ирж буцах шувуудын жигүүрт дэлхийн цагийг элээж, амьдралын мөн чанарыг тольдсон тунгалаг сайхан Хунт нуур, эрдэнэт мал сүргийнхээ өгөөж буян, уул усны ундарга дунд хүй цөглөж, хөлд орсон Түдэвтэй сумынхаа нэгэн зууны түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэж, бахархан хүндэтгэхээр энэхүү баярын хуралдаа хүрэлцэн ирцгээсэн билээ.
Түүхт 100 жилийн маань хүндэтгэлийн хуралд бидний баярыг хуваалцахаар
УИХ-ын Б.Түвшин,
Завхан аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр,
Завхан аймгийн Засаг дарга Х.Өнөрбаяр,
Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ренчинванжил,
Төрийн шагналт Д.Гантөмөр
Завхан аймгийн нутгийн Зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил
УБ хот дахь Түдэвтэй сумын нутгийн Зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар
Дархан хот дахь нутгийн Зөвлөлийн дарга Ё.Вандансүрэн
ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Н.Бэгз,
МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Д.Цэвээнравдан
МУ-ын гавьяат хуульч, анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадам,
МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан Д.Дэмбэрэлдаш
МУ-ын гавьяат багшД.Жамсранжав
МУ-ын манлай уяач Г.Баярцогт
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Пунцаг
Худалдаа үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Лхүндэвданзан
МУ-ын гавьяат багш Н.Баатар-Очир
Гавьяат эдийн засагч Ч.Ээнзэндагва
Гавьяат эдийн засагч П.Жамъяндорж
ХАА-н гавьяат зүтгэлтэн Д.Балсанжав зэрэг хүндэт зочид төлөөлөгчид, алдартан гавьяатан, ахмад буурлууд маань хүрэлцэн ирж хүндэтгэлийн хойморт заларсан байна.
Та бидний өлгий Түдэвтэй сум нь 1926 онд Хантайшир уулын аймгийн Сэцэн сартуул хошууны нутгийг дахин хуваарилж Дөрвөлжин, Сарт уул, Эрдэнэ уул, Барчин, Түдэвтэй, Ембүүмандал зэрэг 23 сум болгон зохион байгуулахад Баяннуур, Наран, Тосон гэсэн 3 багтайгаар байгуулагдаж Галуутайд төвлөрч байсан юм. Сумын анхдугаар хурал нь 1926-05-25-ны өдөр хуралдаж, 13 зүйл бүхий тогтоол гаргаж, сумын даргаар Чилхаа, орлогч даргаар С.Чүлтэм нарыг томилж байсан түүхэн баримт байдаг.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931-02-18-ны өдрийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг Завхан, Говь-Алтай аймаг болгоход Түдэвтэй сумд Барчин сумыг бүтнээр нь нэгтгэсэн байна. Энэ үеэс Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг захиргааны шинэ үе эхэлж, сумын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоосон бөгөөд тухайн үед Түдэвтэй сум 755 өрх, 8 багтай, 2 хамтрал хоршооны салбар ерөнхий хороотой томоохон сум болсон байсан юм.
Түдэвтэй сум нь хангайн нурууны салбар уулс Түдэвтэй уул, түүний салбар уулс Тэмээн-чулуутын хяр, Согоот, Байц хярын нуур, Шотой, Их бага тарлан, Бүргэтэй, Дөрвөн бэрх зэрэг уул нуруудаар, өмнө талаараа Монголын их элсний үргэлжлэл, баруун зүүн Монгол, Бор хярын элсэн уул, манхнаар хүрээлэгдсэн Говь, хангай хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг орон юм.
Сумын төв Галуутайд төвлөрч байхад эргэн тойрондоо 70 хүртэл км-ийн зайд уул нурууд, гол ус, элсээр хүрээлэгдсэн байсан тул зам, харилцаа холбооноос хол, хэрэгцээт бараа таваараа тэмээн жингээр Хөвсгөл аймгийн Хатгалаас тээвэрлэдэг, аймаг сумуудтай харилцахдаа морин өртөө улаагаар дамжуулан харьцдаг байжээ.
Хэдий суурин газраас алслагдсан нутаг боловч манай улсын түүхэнд хар толбо болон үлдсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга тойрч өнгөрөөгүй юм. Гэхдээ тухайн нийгмийн ороо бусгаа үед зүүний алдаатай бодлогоос улбаатай гэгддэг “эсэргүү хөдөлгөөн” манай суманд болоогүй гэгддэг бөгөөд хөрш зэргэлдээ аймаг сумуудад “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” өрнөж, янз бүрийн цуу үг яриа тархаж, орон нутгийн төр засаг, хоршоолол, худалдааны үйл ажиллагаанд хохирол учруулж, дээрэм тонуул хийх, галдан шатаах зэрэг бусарсаг үйл ажиллагаа газар сайгүй өрнөхөд улс, хоршооллын үйл ажиллагаа, өмч хөрөнгөд ямар ч хохирол амсаагүй үлдсэн ганц сум нь манай сум байжээ.
Галуутайн хүрээнд Түдэвтэй сум төвлөрч байсан үед буюу 1925 онд анхны бага сургууль буюу тэнхим, 1928 онд анхны харилцан тохиролцох хоршоо, 1930 онд Пеонерийн байгууллага, 1937 онд хүний бага эмчийн салбар буюу шинжлэх ухааны эмнэлэг, 1940 онд мал эмнэлгийн бага эмчийн салбар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Мөн 1938 онд “улаан гэр” нэртэй соёл урлагийн төв байгуулагдан “Учиртай гурван толгой”, “Далан худалч”, “Тожоо жолооч” зэрэг жүжгүүдийн найруулан ард түмэндээ толилуулдаг байсан байна.
1956 онд Монгол улс улсын хэмжээгээр засаг захиргааны өөрчлөлтийг дахин хийснээр Ардын Их Хурлын 13 тоот зарлигаар Түдэвтэй сумын 5-р багийг Эрдэнэхайрхан суманд, Сонгино сумын 8,10 дугаар багийг Түдэвтэй суманд шилжүүлжээ. Мөн 1956.08.01-ний Ардын Их Хурлын 104 тоот зарлигаар Улаагчин сумыг татан буулгахад 3-р багийг нь Түдэвтэй суманд нэгтгэж, 7-р багийг нь 1-р багтай тус тус нэгтгэсэн байна. Мөн онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Түдэвтэй сумын төвийг Галуутайгаас нүүлгэн шилжүүлж Довонтойн Толгойн булагт суурьшуулжээ.
Тухайн үеийн хүн амын суурьшил, усны хангамж, зам харилцаа болон байгаль, цаг уурын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан сумын төвийг 1959 онд Цоргын голын хөндийд шилжүүлэн байгуулсан байна. Цоргын голд шилжин суурьшсанаар төрийн байгууллагууд, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээ зэрэг байгууллагууд төвлөрөн хөгжиж, улмаар Түдэвтэй сумын өнөөгийн төв суурин бүрэлдэн тогтжээ. Энэхүү шилжилт нь сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж, иргэдийн амьдрах орчин, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан юм.
Түдэвтэйчүүд ийнхүү нэгэн зууныг элээсээр өнөө үед Баянцагаан, Аргалант, Цорго, Ойгон, Шар нуруу гэсэн 5 багтай, 2000-аад хүн амтай, 110 мянга гаруй тоо толгой малтай болсон байна.
1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн чөлөөт шууд сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин, бодлогын болон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бол Засаг даргын Тамгын газар нь сумын нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх үндсэн чиг үүрэгтэйгээр 31 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Түдэвтэй сум нь сүүлийн жилүүдэд аймгийн шилдэг сумаар 3 удаа шалгарсан амжилттай байна.
Мөн тус сумын Сум дундын Ойн анги нь 2014 онд байгуулагдаж, одоо дарга, инженер, техникч, мод үржүүлгийн сахиул гэсэн 4 орон тоотойгоор 15 сумын 326,4 га ойн санг хариуцан, ойн баялгийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, ойн санд учирсан схохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг хийж, ойжуулалт, ойн аж ахуй болон ойн ашиглалтын хэмжээг зохион байгуулж, иргэдэд сургалт сурталчилгаа хийж ажиллаж байна. Мөн мод үржүүлгийн талбайдаа хөрс боловсруулан бургас улиас мөчрөөр, 2 хүлэмжиндээ шинэс, нарс, шар хуйс, гол бор, гүйлс буйлс зэргийг үрээр тарилт хийн, арчилгаа усалгаа хийж арчлан ургуулж байна.
Анх 1937 онд Галуутайн хүрээнд 3 орон тоотой хүний бага эмчийн салбараар байгуулагдаж байсан Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төв нь 6 их эмч, 4 багийн эмч, 5 сувилагч, бүртгэл мэдээллийн ажилтан, эх баригч бага эмч,хүүхдийн хяналт эрүүл мэнд хариуцсан бага эмч, лаборант, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, ариутгагч, нягтлан бодогч, нярав, 2 үйлчлэгч, 2 жолооч, 6 бусад туслах ажилтантайгаар тойргийн 6 сумын 22 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус байгууллага нь “сумын тэргүүний байгууллага”, “Эмнэлгийн халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангагч, манлайлагч байгууллага”, “эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р зэрэг зэрэг шагналаар шагнагдан ажиллаж байна.
Тус сумын Хүүхдийн цэцэрлэг нь сум 1959 онд нүүж Цоргын голын эхэнд төвлөрснөөс хойш 1966 онд Бадрал нэгдлийн санхүүжилтээр 1 бүлэгт 25 хүүхэд авч, 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь нь тавигдсан бол одоо 11 орон тоотойгоор жилд 90-95 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэг нь сумын 6 удаагийн “тэргүүний байгууллага”, аймгийн “шилдэг цэцэрлэг” зэрэг шагналаар шагнагдаж, багш нар нь аймаг бүсийн ур чадварын уралдаануудад жил бүр амжилттай оролцож тэргүүн байрын шагналуудаар шагнагдаж байна.
Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд Галуутайн голын эрэгт 2 багш 2 ажилтантайгаар Чандмань, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй сумдаас 50 сурагч элсүүлэн 2 гэр, 4 тал хашаатайгаар үйл ажиллагааг эхэлж байсан бол одоо 350-аад сурагчтай, 26 багш, 21 ажилтантайгаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, 2025 онд 100 жилийн түүхэн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд жил бүрийн Ерөнхий боловсроын сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд I, II түвшинд үнэлүүлж, багш, сурагчид олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалт болон урлаг, спорт, ур чадварын уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна.
Түдэвтэй сумын Соёлын төв нь 1938 онд Галуутайд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж олон нийтийн соён гэгээрлийн ажлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байсан бөгөөд 1944 оноос албан ёсны орон тоо бий болгож ажиллаж эхэлсэн түүхтэй. Сумын соёлын төв нь 2024 онд 200 хүний сууудалтай шинэ байраа ашиглалтад оруулж, 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь орон нутаг судлах танхим, номын сангийн үйл ажиллагаагаа тогтмолжуулж, иргэд олон нийтэд түүхэн болон хошин дуулалт жүжгүүд, ардын авьяастнуудын тоглолт зэргийг найруулан тавьж, Соёлын төвийн дэргэдээ бүжгийн дугуйлан хичээллүүлж, дугуйлангийн сурагчид тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарсан, ажил үйлсээрээ аймагт тэргүүн, тусгай байрт удаа дараа шалгарсан зэрэг амжилт үзүүлээд байна.
Манай Түдэвтэйчүүд гэрийн сургалт сайн хөгжүүлсэн, монгол, төвд, латин бичиг сурсан хүмүүс лам болж хүрээ хийдэд шавилан суудаг, хошуу тамгын алба хаших, тэнхим сургуульд багшлах зэрэг алба хашдаг, орон дэлхий, уул усаа дээдлэн шүтэж овоо тахилга хийж, өв соёлоо хайрлан хамгаалдаг оюунлаг хүмүүс байсан бөгөөд өнөө ч уламжлагдан салбар бүрт манлайлагчид, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсаар байна.
Манай нутаг бол Монголын төр, шашин, соёл урлаг, шинжлэх ухааны сор болсон суутнуудыг төрүүлсэн алдартнуудын өлгий нутаг билээ. Түүхт зуун жилийн хугацаанд тус сумаас Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Арь гэгээн Дамдинчогдон нараас эхлээд Монголын анхны Ерөнхийлөгч, Чингис хаан одонт, академич Пунсалмаагийн Очирбат, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Ламжав, Академич Н.Бэгз, нэрт зохиолч МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, хөгжмийн нэрт зохиолч, Ардын жүжигчин Д.Цэвээнравдан, МУ-ын ардын жүжигчин Л.Нацаг, МУ-ын гавьяат багш, хөдөлмөрийн баатар Д.Дагва, хөдөлмөрийн баатар Л.Цэрэнбүжид, хөдөлмөрийн баатар Г.Очирбат, хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д..Нанжаа, Монгол төрийн сайд Шаравын Найдансүрэн мэйрэн, Ардын эмч П.Онхуудай, анхны гаьяат нэгдэлчин Б.Галиндэв, МУ-ын ардын багш, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ардын жүжигчин Н.Батцэцэг, ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч , академич Б.Авид Төрийн шагналт Д.Гантөмөр нарын төр нийгэм, соёл, гэгээрлийн алдартнууд төрөн гарч, эх нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг бид өнөөдөр бахархан дурсаж байна. Түдэвтэй сумаас Монгол төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар 4, Төрийн шагналтан 3, Ардын жүжигчин 5, Салбарын Гавьяат цолтон 44, Эрдэмтэн докторууд 41 төрөн гарсан байдаг ба эдгээр алдартнуудынхаа гавьяагаар Түдэвтэй сумыг минь “Хутагт хувилгаад, алдартнуудын өлгий нутаг” хэмээдэг болсон билээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор ”Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж, Нийслэл, аймаг бүрд орон нутгийн хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум, сууринг тогтоож өгсөн бөгөөд энэхүү тогтоолоор Түдэвтэй сумыг Сантмаргац, Нөмрөг, Сонгино, Цэцэн-Уул сумдыг хамаарах орон нутгийн хөгжлийн төв болгон тогтоосон юм. Иймд манай сумын ирээдүйн хөгжил гэрэлтэй байна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
Эрхэм хүндэт Түдэвтэйчүүд ээ,
Бид түүхт 100 жилийн ойн баяраа зөвхөн баярлан цэнгэж тэмдэглэх бус, сумынхаа өнгө төрхийг шинэчилсэн, иргэдийнхээ ажиллаж амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудаар угтаж байгаадаа баяртай байна.
Энэхүү түүхт ойн хүрээнд:
Сумынхаа угтах, үдэх хаалгыг шинээр байгуулж, “Түдэвтэй–100 жил” дурсгалын бичвэрийг бүтээж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шинэчлэн, өнгө үзэмжийг сайжруулж, баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барьж байгуулан ашиглалтад оруулж баяр наадмаа эхлэхэд бэлэн болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн төвийн барилгуудыг засварлан, сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сургалт, хөгжилд зориулан хуучин гал тогооны барилгаа засварлан Хүүхэд хөгжлийн танхим байгуулах, сумаа засмал замаар холбох ажил, 0,4-ийн шугамын шинэчлэл, шинээр баригдсан Соелын төвийн гадна тохижилт зэрэг олон чухал бүтээн байгуулалтуудыг болон сум орон нутгаа сурталчилсан спортын уралдаан тэмцээнүүдийг төр засаг, төрийн албан хаагчид болон Нутгийн зөвлөл, иргэд, хандивлагчдынхаа дэмжлэгээр амжилттай хэрэгжүүллээ.
Мөн нутгийнхаа алдарт хурдан хүлэг морьдын хөшөө бүхий “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, сумын түүх, соёлын өвийг илтгэсэн хөшөө дурсгалуудыг сэргээн засварлав. Түүнчлэн Түдэвтэй сумын нэгэн зууны түүх, хөгжил, бүтээн байгуулалт, үе үеийн хөдөлмөрч хүмүүсийн гавьяа зүтгэлийг мөнхжүүлсэн 100 жилийн түүхэн ном, гэрэл зургийн цомог болон дурсгалын хэвлэлүүдийг эрхлэн хэвлүүлсэн нь энэхүү түүхэн ойн үнэ цэнтэй бүтээл болж байна.
Бид зөвхөн өнөөдрийг харах бус, ирээдүйн хөгжлийн түүчээ болгон "Түдэвтэй сумын хөгжил, алсын хараа-2036" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, газар тариалан, ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зэрэгт чиглэсэн бодлогын баримт бичгээ боловсруулах гол сууриа эрдэмтэн, судлаачдынхаа судалгаа, шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан бүтээж, ном болгон хэвлүүллээ.
Эдгээр бүтээн байгуулалт, бүтээлч ажлууд нь Түдэвтэй сумын өнгө төрхийг шинэчлэн хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв, хөгжил дэвшлийн баталгаа болон үлдэх болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг гардан гүйцэтгэсэн, хөрөнгө санхүү болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн, Нутгийн зөвлөлийн гишүүд, төрөлх сумаа гэсэн халуун сэтгэлт нийт хандивлагчид, төрийн албан хаагчид болон Түдэвтэйчүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Өнгөрсөн зууны түүхийг баяжуулж, ирээдүйн шинэ зууны өнгө төрхийг бүтээлцэж байгаа нийт иргэддээ дахин баяр хүргэе.
Ингээд Завхан аймгийн Түдэвтэй сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурлын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдэж байна.
Хөгжлийн түүчээ нь өөдөө, хүн ардынх нь зохиол нь тэгш, нутаг орны минь заяа буян үүрд дэлгэрэх болтугай.
Баярлалаа.







