Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан "Түдэвтэй сумын хөгжил, алсын хараа-2036" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Түдэвтэй сумын Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж сумын ИТХ-ын дарга Н.Бямбацогт үг хэллээ.
Мөн сумын Засаг дарга Х.Саруул-Эрдэнэ "Завхан аймгийн Түдэвтэй сумын түүх, хөгжлийн чиг хандлага" сэдэвт илтгэл тавьсан.
Эрдэм шинжилгээний хурлыг:
1. Түдэвтэй сумын нутаг дэвсгэрийн байгалийн нөхцөл, түүний нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах асуудлууд
2. Түдэвтэй сумын боловсрол, шашин, соёлын салбарын хөгжил, цаашдын чиг хандлага
3. Түдэвтэй сумын эрүүл мэндийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага
4. Түдэвтэй сумын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага
5. Түдэвтэй сумын дэд бүтцийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хурлын дараа академич Н.Бэгз хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Н.Бэгз эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд Түдэвтэй сум нь хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг бөгөөд 100 жилийнхээ ойдоо зориулан эрдэм шинжилгээний бага хурал хийсэн сум цөөхөн байдаг болохыг онцлон тэмдэглэсэн юм.


